Thursday, January 3, 2013

Санхүүг удирддаг ухаалаг эмэгтэйчүүддээ

Гэрийн санхүүг удирдаж явдаг эмэгтэйчүүд, бүсгүйчүүд минь заримдаа хэтэрхий үрэлгэн гэх шүүмжлэлд өртөх нь бий. Бодит үнэн гэвэл эзэгтэй нарын худалдан авалтанд хэрэггүй зүйл огтхон ч байдаггүй. Учир нь тэд дэлгүүр хэсэхдээ гэр бүлээ бүтнээр нь зүрхэндээ тээж явдаг. Гэр бүлтэй ихэнх эмэгтэйчүүд нөхөртэйгээ мөнгөний тухай ярихаас зайлсхийдэг.Учир нь хэрүүл маргаан дэгдэхээс айдаг. Дуугүй байснаар асуудлыг шийдэж чадахгүй шүү дээ. Сар бүрийн нэг өдрийг нөхөртэйгээ санхүүгийн асуудлаа хэлэлцэхэд зориул. Түүнээс өмнө эзэгтэй та энэ бяцхан хуралд бэлтгэж гэр бүлийнхээ урд нь гарсан, одоо гарах бүх зардал, хэнд, юу шаардлагатай болон түүнд хэдэн төгрөг зарцуулах хэрэгтэй байгаагаа тооцоолон гаргах хэрэгтэй. Энэ тооцоонд чинь гэр бүлийн хэрэгцээнээс гадна ойр дотныхонд чинь ямар нэгэн санхүүгийн тусламж хэрэгтэй байгаа болон аялал зугаалга, үзвэр үйлчилгээний зардал бүгд орж байвал зүгээр. Явц дунд гэнэтийн зарлага тухайлбал цахилгаан барааны хямдрал зарласантай тааралдвал худалдан авалт хийж байгаагаа нөхөртөө эхлээд хэлсэн нь дээр. Энэ таныг үл ойлголцлоос аварна. Худалдан авсан зүйлийнхээ жагсаалтыг бичдэггүй нь эзэгтэй нарыг үргэлж хэлэх үггүй болгож эвгүй байдалд оруулах шалтгаан болдог. Үүнийг нөхөртөө үзүүлэх гэж биш өөртөө зориулж хөтөл. Юунд зориулж хэдэн төгрөг үрснийг тэндээс ядах юмгүй харж болно. Хоёрхон цагийн дотор бүтэн сарын цалинг минь дуусгалаа гэж үү хэмээн таны нөхөр гайхна гэдэгт эргэлзэх юм алга. Тэр таны авсан ОО-н цаас, угаалгын нунтаг, хүүхдийн памперс, хоол амтлагч, ногоо хэрчигч зэргийг олж харах ч үгүй. Эрчүүд “том” сэтгэж том зүйлийг л олж хардаг хүмүүс. Тиймээс өглөө үлдсэн мөнгө нь үзэгдэх юмгүй дууссан байхад эргэлзэнэ. Түүнд зүгээр л авсан зүлийнхээ жагсаалтыг үзүүлсэн нь дээр. Энэ дэвтрээс та гэр бүлийнхээ орлого, зарлагыг төвөггүйхэн харж алдаагаа засч болох юм. Гол нь та бүгдийг бичих хэрэгтэй шүү. Эмэгтэйчүүдийн мөнгөн дээр гаргадаг хэд хэдэн алдааг дурдвал:

  • Эмэгтэйчүүд найдвараа мөнгөнд “худалддаг”Итгэл найдвар бол хэзээд хүний амьдрах сэтгэлийн тэнцвэрийг хадгалж байдаг зүйл. Гэтэл зарим эмэгтэйчүүд бүх найдвараа эргэж буцахгүйгээр мөнгөнд даатгаж орхидог. Би мөнгөтэй болохоороо цаашид суралцана, би мөнгөтэй болохоороо гэрлэнэ гэж охидууд боддог бол дунд насны эмэгтэйчүүд мөнгөтэй болохоороо эрүүл мэндээ анхаарна гэх зэргээр мөнгөнд хамаг найдвараа үлдээдэг. Хэрвээ санасан бүхэн бүтэхгүй бол яах вэ? Санаагаар унана. Өөрийгөө азгүйд тооцож, би сул дорой нэгэн гэж өөртөө итгүүлдэг. Хүмүүс хорвоо дээр ирэхдээ ямар ч мөнгө өвөртөлж ирдэггүй бас тийн буцдаггүй.
  • Мөнгөтэй хайраар дэнчин тавьж тоглодогМөнгө, хайр хоёр хол зайтай байвал зүгээр. Эмэгтэйчүүд найз нөхөддөө мөнгө зээлэх юм уу банк болон бусад өр зээлийн асуудалд баталгаа гаргаж өгөх нь элбэг. Хэрвээ энэ бүхэн бүтэлгүйтвэл тусалсан, туслуулсан  хоёул хоосорно. Туслах гэдэг уг нь сайхан чанар. Гэвч найзынхаа үүрсэн хүнд ачааг өөртөө аван мөлхөх эсвэл хоёул ойчих гэсэн үг огт биш. Түүнд тусламж хэрэгтэй байгаа бол өөрт  байгаа мөнгөөр л тусла. Хайр, мөнгө хоёрыг ялгаж салгах нь чухал. Гэр бүлийнхээ хамаг бүхнээр дэнчин тавих хэрэггүй. Дэнчин тавиулж байгаа хүн танд хайртай эсэх нь эргэлзээтэй л хэрэг. Найз нөхдийн холбоог мөнгөөр хэмжих нь утгагүй шүү дээ.



No comments:

Post a Comment