Monday, February 11, 2013

Гэгээн Валентины баярын түүхээс

Удахгүй дурлалт хосуудын баяр - Гэгээн Валентины өдөр болох гэж байна. Энэ нь Ромын тэрс үзэлтнүүдэд цаазлагдсан Христосын шашны зүтгэлтэн залуу ламын хайр дурлалаас  үүдэн тогтсон баяр юм. Манай эрины III зуунд Ромын эзэн хаан Клавдий хүмүүсийг гэр бүл болохыг хориглосон хууль гаргажээ.
Залуу лам Валентин эзэн хааны энэ хуулийг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас залуу гэр бүлүүдийг нууцаар гэрлүүлдэг байв. Ийнхүү нууцаар хүмүүст тусалж байгааг нь мэдсэн Клавдий хаан ихэд хилэгнэж Валентиныг шоронд хатааж дараа нь цаазаар авах зарлиг буулгажээ. Валентин шоронд хоригдож байхдаа шоронгийн захирагчийн охинтой танилцаж хайр сэтгэлтэй болжээ. Цаазаар авахуулахынхаа өмнөхөн тэрээр хайртай бүсгүйдээ “Чиний Валентинаас” гэсэн хаягтай өөрийн хайр сэтгэлийг илэрхийлж, үүрд, тэнгэрийн орноос ч түүнийгээ хайрлаж явах болно гэсэн утга бүхий хайрын зурвас бичсэн байна. Хатуу ширүүн цаазыг ч даван дурлалт хосуудын хайр сэтгэлийг бурхны өмнө мөнхөлж байсан Валентиныг цаазалсан өдөр нь хүмүүсийн сэтгэлийг ихэд хөдөлгөж, оюун санаанд нь үүрд хадагдан үлдсэн нь өнөөгийн бидний тэмдэглэдэг 2-р сарын 14 юм. Энэ өдрийг залуу хосууд өөрсдийн хайр сэтгэлийн илэрхийлэл, баталгааны өдөр болгож Валентиныг шүтээнээ болгон авчээ. Хожим нь сүм хийдүүд Валентиныг гэгээнтнүүдийн тоонд оруулснаар Гэгээн Валентины өдөр хэмээн нэрлэгдэх болжээ.
Дурлалт хосуудын энэ баярыг 18-р зуунаас хойш өнөөг хүртэл тасралтгүй тэмдэглэсээр ирсэн ба ганц бие залууст хань ижлээ олоход нь туслах зорилготой энэ баярын өдөр бүх нийтээрээ амарч зугаацдаг бөгөөд баярын дараа гэр бүл бологсдын тоо нэмэгддэг байжээ.
Англид нөхөрт гараагүй эмэгтэйн ирээдүйн нөхөр нь 2-р сарын 14-нд хамгийн түрүүнд тааралдсан эрэгтэйтэй төстэй царайтай /тухайн хүн бүсгүйд таалагдсан, таалагдаагүй хамаагүй / байдаг гэдэгт итгэдэг гэнэ.
Японд энэ баярыг тун өвөрмөц, хоёр янзаар тэмдэглэдэг. 2-р сарын 14-нд эмэгтэйчүүд нь хайртай залуудаа бэлэг өгдөг. Харин эргээд 3-р сарын 14-нд White Day / Цагаан өдөр/ хэмээн нэрлэж эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүддээ бэлэг өгдөг байна. Японд Валентины баяраар эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүддээ шоколад бэлэгдэг заншилтай.

No comments:

Post a Comment