Thursday, December 20, 2012

Ус цэцэг хоёр

Нэгэн өдөр ус, цэцэг хоёр тааралдаж найзууд болцгоожээ. Эхний үед сайхан найзууд шиг үерхэж байлаа. Мэдээж бие биеэ танихын тулд цаг хугацаа хэрэгтэй байлаа. Цаг хугацаа улиран өнгөрсөөр цэцэг маш их аз жаргалтай болжээ. Аз жаргалдаа умбасан тэрээр усанд хайртай болсоноо ойлгожээ.
Анхны хайртайгаа учирсан цэцэг тансаг сайхан үнэрээ тал бүр лүү цацан “Энэ сайхан үнэрийг зөвхөн ус чамдаа л зориулъя” гэж байв. Хэсэг хугацааны дараа ус ч цэцгэнд хайртай болсоноо ойлгожээ. Цэцгэнд өгсөн усны хайр нь ч гэсэн анхных байлаа. Өдөр хоног ээлжлэн өнгөрсөөр цэцэг “Ус надад хайртай болов уу?” гэж бодож эхлэв. Яагаад гэвэл ус цэцгийг нэг их анхааран халамжилдаггүй байв. Гэтэл цэцэг иймэрхүү байдалд огтхон ч дасаагүй байлаа.Цэцэг усанд: - Би чамд хайртай гэхэд ус: - Би ч гэсэн чамдаа хайртай гэв. 
Цаг хугацаа өнгөрсөөр л...... Цэцэг дахиад л: - Би чамд хайртай гэв. 
Ус: - Би ч бас гэлээ. Цэцэг тэвчээртэй хүлээсээр л байлаа. Гэвч цэцэгний сайхан үнэр алга болсоор өөрт байсан эцсийн сайхан үнэрээ усанд зориулж хайртай гэдэгээ дахин хэлэв. Ус: - Би чамд хайртай гэдэгээ хэлсэн л биз дээ гэв. Цэцэг улам л гундсаар хэвтэрт оржээ. Хөөрхий цэцэг хүндээр өвдсөн байв. Өнгө нь гундаж, үзүүр нь шарлаж эхлэв. Ус хайртынхаа толгойг нь түшин хажууд нь суудаг байлаа. Цэцэг үхэж байлаа. Гэвч тэр эцсийн удаа хамаг хүчээ шавхан толгойгоо өндийлгөн усанд: - Би чамд үнэн сэтгэлээсээ хайртай гэв. Энэ байдалд сэтгэл нь шаналсан ус эцсийн арга болох эмчийг дуудав. Эмч цэцгийг үзээд: - Биеийн байдал нь найдваргүй. Түүний төлөө одоо юу ч хийж чадахаасаа өнгөрсөн гэв. Ус эмчээс хайртыгаа ямар өвчнөөр өвдсөнийг нь асуув. Эмч ус руу их л нухацтай харсанаа: - Түүнд ямар ч өвчин байхгүй. Түүнийг огтхон ч услаагүй байна гэв. Ус “Зөвхөн би чамд хайртай гэдэг үгээр хайраа илэрхийлж болдоггүйг” ойлгожээ....

Ааваас хүүдээ бичсэн захидал

Хүү минь сонсооч, эдгээр үгсээ чамайг унтаж байхад чинь хэлье. Чи минь өхөөрдөм жоохон гараараа хацраа дэрлээд унтаж байна. Дух чинь хөлрөөд буржгар үс чинь наалдчихаж. өрөөнд чинь яг л хулгайч шиг сэмхэн орж ирлээ. Хэдхэн минутын өмнө өрөөндөө суугаад сонин уншиж байхдаа чиний өмнө буруутай юм шиг санагдаад явчихлаа. Буруу зүйл хийчихсэн гэдгээ мэдрээд орлуу чинь дөхлөө. Аав нь юу бодсоноо хэлье. өглөө их ууртай байснаа санаж байна. Сургуульдаа явах гээд хувцсаа өмсөж байхад чинь зэмлэж орхисон. Яагаад гэвэл хүү минь чи нүүр гараа угаах гэж зүгээр нойтон алчуураар арчсан байсан. Гутал чинь шороотой хэвээрээ байхыг хараад чамаар цэвэрлүүлсэн. Зарим дэвтэр номоо хайш яайш тараачихсан байхаар чинь муухай орилсон. Цайгаа ууж байхад чинь маш олон дутагдалыг чинь олж харлаа. Асгаж цутгаад, амандаа хийсэн хоолоо зажилахгүй залгиад, талхан дээр цөцгийн тосоо зузаан гэгч нь түрхээд.Чи тоглохоор явна, харин би унаандаа амжих гээд. Аавруугаа харснаа гараараа даллан “ааваа баяртай” гэхэд чинь цэх зогс гэж чамд тушаасан.
Орой байдал өөр байсан. Гэртээ харих замдаа чамайг газар явган суугаад найз нартайгаа бөглөө тоглож байхыг чинь харсан. Оймс чинь урагдчихсан байсан. Найз нарын чинь хажууд чамайг зэмлээд гараас чинь татан гэрт оруулсан. Тэгээд энэ оймс их үнэтэй. Оймстой байя гэвэл гамтай байхгүй яасан юм гэж загнасан.
Хүү минь төсөөлж байна уу. Эдгээрийг чамд аав чинь хэлсэн. Санаж байна уу. Тэгээд дараа нь ажлынхаа өрөөнд орсон. Нүднээс чинь гомдол харагдаж байсан. Ямар нэгэн зүйл хийх гээд чадахгүй байгаа бололтой. Харин би “чи яах гээв ” гэж чамруу хашгирсан. Юу ч хэлэлгүй хүү минь гүйж ирээд хүзүүгээр минь тэврээд намайг үнссэн. Тэр нь гэхдээ хайр дүүрэн үнсэлт байсан. Тэгээд гүйгээд явчихсан. Барьж байсан цаас минь гараас уналаа. Би чинь юу хийчихвээ үргэлж л хүүгийнээ алдааг олж хараад байх юм гэж бодсон. Аав нь чамайг ингэж л “шагнасан” шүү дээ. Чамд хайргүйн учраас биш, чамаас их зүйлийг л хүлээж байсан болохоор тэр шүү дээ. Чамайг өөрийнхөө насны хэмжээнд л дүгнэж байсан байна. Гэхдээ чамд минь олон сайхан чанар байдаг. Сэтгэл чинь үнэхээр цайлган. өнөөдрийн үнсэлт чинь үүнийг баталж өгч байна. Харанхуйд орны чинь өмнө сөхөрч суугаад үнэхээр ичиж байна. Эдгээрийг чамайг сэрүүн байхад чинь хэлээд ч ойлгохгүй гэдгийг чинь мэдэж байна. Гэхдээ маргаашаас эхлээд жинхэнэ аав байхаа амлая. Чамтай тоглоно. Чамайг гомдоход хамт гомдон, чамайг инээхэд хамт инээнэ. Таагү зүйл хэлэхээр бол хэлээ хазъя. өөрөө өөртөө “энэ чинь хүүхэд шүү дээ” гэж сануулж байя. Аав нь хүүгээ том хүн шиг бодож байж. Гэвч чи минь жаахан хүүхэд. Дөнгөж өчигдөрхөн л ээжийнхээ тэвэрт байсан. Сэвлэгийг нь үнэрлээд л баймаар. Толгойгоороо мөрийг нь дэрлээд л, шшш үр минь чамаас ямар их юм шаардаж байсан юм дээ.

Мотоциклийн осол


Залуу хархүү хайртай бүсгүйгээ сундлан мотоцикльтэй давхиж байлаа. Тэд асар хурдтай давхиж байсан бөгөөд тэдний хооронд ийм яриа өрнөжээ.

Бүсгүй: Хурдаа багасгаач гуйж байна.
Залуу: Сайхан л байна шүү дээ! Харин ч зугаатай байгаа юм биш үү?
Бүсгүй: Гуйж байна, Хурдаа багасгаач дээ
Залуу: Тэгвэл чи надад хайртай гэдгээ хэлээч дээ
Бүсгүй: Би чамд хайртай! Гэхдээ хурдаа жаахан багасга л даа!
Залуу: Одоо намайг чангаас чанга тэврээч
Бүсгүй: Хайрт залуугаа чангаас чанга тэврэв
Залуу: Малгайг минь аваад өмсчих дөө, миний толгойг бариад байна…

Маргааш нь сонинд ийм мэдээ нийтлэгджээ. “ Мотоциклийн осол: тоормос нь эвдэрсэнээс болж мотоцикльтэй 2 хүн байшин мөргөжээ. Тэр хоёрын нэг нь газар дээрээ амь насаа алджээ”.
Харин үнэн хэрэг дээрээ ийм байлаа: Замд явж байхдаа залуу хүү мотоциклийн тормос нь эвдэрснийг мэджээ. Гэсэн хэдий ч үүнийг бүсгүйдээ мэдэгдэхийг хүссэнгүй. Харин үүний оронд бүсгүйгээсээ өөрт нь хайртай эсэхийг асуугаад, хамгийн сүүлийн удаа чангаас чанга тэврүүлээд, дараа нь өөрийн өмсөж байсан хамгаалалтын малгайг хайрт бүсгүйдээ өмсгөөд өөрөө амиа алджээ.

Эцэг

Түүнийг гэртээ ядарч сульдаад ирэхэд 5 настай хүү нь хаалган дээрээ зогсоод хүлээж байлаа. Хүү нь түүнээс "Ааваа та нэг цагт хэр их мөнгө олдог вэ?" гэж асуужээ. Тэрээр энэ чамд хамаагүй гэж уцаарлан хэллээ. Гэхдээ ааваа хүү нь мэдмээр байна гэж хүү нь шалав. "За яахав 20$ олдог" хэмээн хариуллаа. Гэтэл хүү нь "та тэгвэл надад 10$ өгөөч" гэх тэр. жаажа
Аав нь учиргүй уурлаж "Чиний хэрэгтэй хэрэггүй тоглоом янз бүрийн юманд чинь зарцуулах илүү мөнгө алга. Өрөөндөө ороод хаалгаа хаа гэжээ.
Хүү чимээгүйхэн ороод хаалгаа хаав. Аав ч уйртайгаар "Энэ хүүхэд яаж зоригтой асууж байнаа?" гэж боджээ. Нэг цагийн дараа тэрээр хүүдээ уурлаад мөнгөөр яах гэж байсаныг нь асуугаагүйгээ саналаа.  
Магадгүй үнэхээр чухал байсан ч юм билүү. Хүүгийнхээ өрөөнд ороод, орондоо хэвтэж байгаа хүүгээсээ "Унтаж байгаа юм уу?" гэж асуулаа. Хүү нь "үгүй" гэж хариулахад "Май энэ 10$-г ав. Түрүүн муухай аашилсныг минь уучлаарай өндөөдөр их хүнд өдөр байлаа." Гэжээ. Хүү нь баяртайгаар үсрэн босоод "Баярлалаа ааваа" гээд орон дотроосоо бутархай мөнгө хадгалдаг хайрцагаа гарган, аавыгаа царайчлан хараад мөнгөө удаан гэгч нь тоолов.  
Аав нь мөн л уурлаж "Чамд мөнгө байсаар байтал яагаад надаас мөнгө авч байгаа юм бэ?" Чиний тоглоомонд оролцох зав надад байхгүй гэж хэлэхэд хүү нь "Ааваа би тантай нэг цаг баймаар байна. Энэ 20$-оор таны нэг цагийг авч болох уу?" гэжээ.

Хүний мөс

Италийн алдарт кино од Vittorio de Sica телевизийн нэгэн нэвтрүүлэгт ийн ярив:
Италид Наполи хотын захын хорооллын нэгэн кафед кофе ууж байлаа. Кафед орж ирсэн нэгэн үйлчлүүлэгч зөөгчид хандан: "due caffee, un sospeso" (хоёр кофе, нэг нь өлгүүрт) гэж хэлээд хоёр аяга кофены мөнгө төлөөд нэг аяга кофе уугаад явав. Зөөгч лангууны дээр хадсан хадаасанд нэг жижиг цаас хатгав.
Дараа нь дахин хоёр хүн орж ирээд "due caffee e un sospeso" (хоёр кофе бас нэгийг өлгүүрт) гэж захиалаад гурван аяга кофены мөнгө төлөөд хоёр аяга кофе уув. Зөөгч дахин нэг цаас аван хадаасанд хатгав.
Иймэрхүү байдлаар олон үйлчлүүлэгч орж гарав. Харин нэгэн хуучин ноорхой хувцастай, ядуу нэгэн хүн кафед ороод зөөгчид хандан: "un caffee suspeso" (өлгүүрээс нэг кофе) гэхэд зөөгч түүнд кофег нь авчирч өгөв. Кофегоо ууж дуусаад мөнгө төлөлгүй гарч явав. Зөөгч ч лангууны дээр хадаасанд хатгасан цааснаасаа нэгийг нь авав.

Эмэгтэй хүн ээж болсондоо хэзээ ч харамсдаггүй

Бид өдрийн хоол идээд сууж байтал охин минь найз залуутайгаа гэр бүл болохоор шийдсэнээ тэгээд тун удахгүй хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаагаа хэллээ. Тэгээд над руу хандаж “Ээж та хүүхэдтэй болох гэж байгааг минь дэмжиж байгаа биз дээ? Би ээж болж, та минь эмээ болно шүү дээ” гэв.

Эхэндээ би зүгээр л “Охин минь ээж болсоноор чиний амьдрал бүхлээрээ өөрчлөгдөх болно шүү дээ” гэж хэллээ.

Тэр, “Би мэднэ ээ ээжээ, хагас бүтэн сайнд унтаж чадахгүй гэсэн үг, бас үе үе амарч чадахгүй гэсэн үг” гэлээ. Үнэндээ бол миний хэлэх гэсэн зүйл энэ биш байлаа. Би охин руугаа хараад ямар ч ном, ямар ч хичээл дээр хэлж зааж өгдөггүй тэр зүйлийн тухай хэлэх эсэхээ шийдэж чадахгүй байлаа.

Би түүнд хүүхэдтэй болсны дараагаар бие чинь түргэн тэнхээрэх ч сэтгэл чинь үүрд эмзэг хэвээрээ байх болно гэж хэлмээр санагдана. Ямар ч мэдээ сонссон “Хэрэв энэ бүхэн миний хүүхдэд тохиолдсон бол яанаа?” гэж бодолгүйгээр өнгөрч чадахаа байна гэж анхааруулмаар санагдана. Бүх л онгоцны сүйрэл, бүх галын хэрэг толгойд чинь эргэлдэж, өлсөж байгаа хүүхдийн зураг харвал дотроо “Өөрийн хүүхдийн үхэж байхыг харахаас илүү зовлон гэж байдаг болов уу” гэж бодно.

Би охиныхоо цэвэрхэн зассан хумс, ганган хувцасыг хараад тэр ээж болвол одоогийнх шигээ байж чадахгүйг хэлмээр санагдав. Ээж болох нь түүнийг ердийн л нэг зулзагаа харамлах эмэгчин баавгайн түвшинд аваачна гэж бодлоо. “ЭЭЖ” гэж сандарсан хоолойгоор ганц дуудахад л хамгийн үнэтэй болор эдлэлээ шидээд гүйхийг ч тоохгүй үрийнхээ төлөө гэдэг болно.

Тэр хичнээн ч жилийг мэргэжил эзэмших гэж зарцуулсан бай хамаагүй ээж болох нь түүнийг замаас нь хазайлгах болно. Хүүхэд асрагч хөлсөлж болох боловч нэг л өдөр хамгийн чухал хэлэлцээрийн ширээн дээр хүүхдийнхээ үнэрийг нь үгүйлнэ гэдгийг нь хэлмээр санагдана. Сахилгын тухай бүх л номыг уншиж гэртээ гүйж харайн өөрийгөө бэртээж болзошгүй байгаа хүүхдээ зогсоохыг хүснэ.

Ажил дээрээ хичнээн шийдмэг байдаг, сайн ажилтан байж болох ч ээжийн хувьд үргэлж өөрийгөө дутуугаар үнэлнэ. Үр чинь өвчин тусаад халуурах агшинд энэ бүхэн өөрийнх нь л үрээ сайн хамгаалж чадаагүйгээс мэт санагдана.

Сэтгэл татам хөөрхөн охиноо хараад би түүнд “Жирэмсэн байхдаа нэмсэн тарга арилах болно” гэж ятгамаар байгаа ч тэр хэзээ ч урьдынх шигээ байж чадахгүй. Одоо түүнд өөрийнх нь амьдрал хамгийн чухал ч хүүхэдтэй болсны дараа тийм байхаа болино. Үрээ хамгаалахын тулд нэг секунд ч бодолгүйгээр өөрийгөө орхино. Урт удаан амьдралыг өөртөө биш үр хүүхэддээ хүснэ.

Хийсвэр хагалгааны сорви эсвэл язарсан арьс нь түүний бахархал болно. Нөхөртэйгээ харьцах харьцаа өөрийнх нь бодож байснаар биш огт өөр зүгт өөрчлөгдөнө. Тэр өөртөө хайртай эр хүнээс илүүтэйгээр хүүхэддээ хайртай эр хүнийг хүсэх болно.

Охин маань эхчүүд яагаад дайныг зогсоох гэж оролддог, яагаад шударга ёс шаарддаг, яагаад согтуугаар машин барихгүй байхыг гуйдгийг ойлгох болно.

Охиндоо хүүхдийнхээ хоёр дугуйт унаж сурахыг нь харах ямар бахдалтай байдгийг, инээд нь хүрээд хөхөрч байгаа хүүхдийн баясгалан ямар гайхалтай байдгийг тайлбарлаж өгмөөр байна.

  Охиныхоо асуусан харцнаас би нулимс дуслуулж байгаагаа мэдлээ. “Охин үр минь дээ. Чи ээж болсондоо хэзээ ч харамсахгүй ээ” гэж би түүнд хэллээ.